Хамтарсан шаардлага гаргав

ШААРДЛАГА
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу "худал мэдээлэл тараах" заалт нь Үндсэн хуулийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэж үзсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрснөөр Эрүүгийн хуулийг түүнд нийцүүлэх хуулийн төслийг Ажлын хэсгээс боловсруулаад байна.
Гэвч тус Ажлын хэсгээс "гүтгэх" гэмт хэргийг хуулийн төсөлд томьёолон оруулж байгааг дэмжих эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх гэж байна.
Хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах хуулийн зохицуулалтын цаана улс төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд чөлөөт хэвлэлийн дуу хоолойг боомилох, урт хугацааны мөрдөн шалгах ажиллагаагаар далимдуулан сэтгүүлчдийг олноор нь хоморголох, залхаан цээрлүүлэх, айдас болгоомжлолоор удирдан агуулгын хяналт тогтоох санаархлаа хэрэгжүүлж ирснийг статистик судалгаа харуулж байна.
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтэд Эрүүгийн хуулийг нийцүүлэн өөрчлөх үндсэн зорилгоос хэтийдэн шинэ нэмэлт оруулахаар хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэх нь хуульд нийцэхгүй бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуульд заасан процессын дагуу тусад нь хуулийн төсөл өргөн мэдүүлж, олон нийтээр хэлэлцүүлэх, дагалдах судалгаа хийх шаардлагатайг сануулсан.
Иймд дээрх үйлдлээ нэн даруй залруулахыг шаардаж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ
МОНГОЛЫН ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН
ГЛОБ ИНТЕРНЭЙШНЛ ТӨВ
МОНГОЛЫН ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН ХОЛБОО
МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САЙТЫН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО
МОНГОЛЫН АРИЛЖААНЫ ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБОО
НИЙСЛЭЛИЙН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО
2026 оны 5 дугаар сарын 19